ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САЛБАРТАА ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК, “Үндэсний Тээврийн Корпораци” ХХК-ийн хамт олноос дэлхийн олон оронд тархаад буй коронавирусын /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж байгаа зам, тээврийн салбарын албан хаагчдадаа зориулж 10 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивыг Улсын Онцгой Комиссын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гардуулсан бөгөөд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Ганболд, “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-ны ТУЗ-ийн дарга П.Солонго болон тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ онцгой нөхцөл байдалд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, нэгдэж чадаж буй монгол түмнээрээ бахархаж буйгаа дурдаад халдварын голомтоос монгол иргэдээ авчрахаас эхлээд хорио цээрийн нөхцөлд өндөр зохион байгуулалттай ажиллаж буй зам, тээврийн салбарын нийт ажилчин, албан хаагчдадаа талархал илэрхийллээ. Тэрбээр хандивыг аймгуудын автобуудал, хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, тээврийн жолооч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцсэн хувцас, хэрэгслээр хангах зэрэгт зарцуулахыг холбогдох газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгов.

Олон улсад коронавирусийн халдвар тархаж буйтай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 02 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтын нүүрсний экспортыг бүрэн зогсоогоод байсан.

Харин Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах” чиглэл өгсний дагуу “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн компаниудын зүгээс Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.